Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Хүүхдийн зүрхний гажиг

21st 3 сар 2013

xvvxed (12)Хүүхэд насанд илэрсэн зүрхний гажиг нь төрөлхийн ба олдмол гэж хоёр ангилагддаг. Зүрхний томоохон гажиг нь ихэнх тохиолдолд хүүхдийг нярай байхад нь оношилогддог. Учир нь ийм хүүхдүүд төрсөн даруйдаа хүндээр өвчилж эхэлдэг. Харин зүрхний зарим эмгэг, гажиг нь хүүхэд насанд нь оношилогдоно.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд зүрхнийхээ бүтцэнд согогтой төрдөг гэсэн үг. Энэ согог нь жирэмсний эхэн үед, эхчүүд бараг л өөрсдийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй байх тэр үед зүрхэнд нөлөөлсөн ямар нэгэн гадны нөлөөнөөс үүсдэг байна.

Зүрхний хэвийн хөгжилд яг ямар зүйл сөргөөр нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй ч зарим төрлийн халдварт өвчин /улаан бурхан, улаанууд, гахайн хавдар, ханиад томуу/ үүнд нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Түүнчлэн удамшлын гаралтай, хромсомын гажиг ч мөн зүрхний согогийг үүсгэгч хүчин зүйлсэд тооцогдоно. Жирэмсний үед, ялангуяа жирэмсний эхний 3 сард уусан зарим эм, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, рентгений туяанд өртөх, цус ойртолт, эхийн сахарын өвчин зэрэг нь урагт зүрхний гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Хүүхдийн зүрхний бүтцэд үүсэх уг гажиг нь зүрхний тасалгаа хоорондын жижигхэн цоорхойноос авахуулаад зүрхний хэд хэдэн тасалгаа, ховдол огт үүсэхгүй байх хүртлээ ээдрээтэй, хүнд хэмжээний зүрхний гажгууд байж болно.

Зүрхний ноцтой гажигтай төрсөн хүүхдэд төрсний дараах эхний саруудад үүнтэй холбоотой тодорхой шинж тэмдэгүүд илэрнэ. Жишээлбэл: төрсний дараа төд удалгүй хүүхдийн цусны даралт хэт буурах, цусны эргэлтийн систем хэвийн ажиллахгүй байх гэх мэтийн шинж тэмдэг илэрч болно.

Төрөлхийн зүрхний согогтой төрсөн хүүхдэд хумсны уг, хамар, уруул хэсэг хөх өнгөтэй байх, амьсгаадах, нүүр, толгойн хэсгээрээ хэт их хөлрөх, хөхөө хөхөж байхдаа ядрах гэх мэтийн шинж тэмдэг ажиглагдаж болно. Ийм зовиуртай хүүхэд хөхөө хөхөж байхдаа үе үе амрах шаардлагатай байдаг. Эрүүл хүүхэд 15-20 минутад хөхөө бүрэн гүйцэд хөхөж чаддаг байхад төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд 40-50 минутанд хөхөө хөхнө.

Зарим хүүхдийн хувьд зүрхний гажигийн ямар нэгэн шинж тэмдэг өсвөр нас хүртлээ огт илрэхгүй байж болно. Тэр ч бүү хэл тухайн хүүхэд насанд хүрч, том хүн болтлоо ч анагаах ухааны үндэслэлтэйгээр зүрхний ямар нэгэн гажиг илрэхгүй байж болно. Зарим үед хөнгөн хэмжээний гажиг нь тухайн хүний амьдралын туршид огт анзаарагдахгүй, ямар нэгэн зовиур илрэхгүй эрүүл саруул хүн адил байх үзэгдэл ч бий.

Хэрвээ таны хүүхэд зүрхний ямар нэгэн гажигтай мэт санагдах эсвэл тийм сэжиг төрүүлж байгаа бол хүүхдийн мэргэжлийн зүрхний эмчид үзүүлэх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зүрхний ЭХО-д харуулж, цусны нарийн шинжилгээ өгч, шаардлагатай тохиолдолд цээжний зураг авахуулж энэ бүхнээр мэргэжлийн эмч таны хүүхдэд ямар нэгэн гажиг байгаа эсэхийг оношлох болно.

Хүүхдийн зүрхэнд нөлөөлдөг өөр нэг өвчин бол үе мөч, ангина гэх мэтийн бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог хоолойны үрэвсэлт өвчин бөгөөд эдгээр нь хүүхдийн зүрхний булчин, хаалт хэсэгт үүсдэг идээт үрэвсэл юм.

Үе мөчний өвчний үед хүүхдийн үе мөч хэсгээр буюу өвдөг, тохой, хөлийн шагай хэсгээр хүчтэй өвдөх, хавдах, улайх зэргийн шинж тэмдэг илэрнэ. Үе мөч хэсэгт илэрч буй эдгээр зовиурууд тодорхой үе шаттай эмчилгээний үр дүнд эдгэрэх боломжтой ч уг өвчин хүүхдийн зүрхэнд хүрсэн тохиолдолд хүүхэд насандаа амь насаа алдах эрсдлийг дагуулж байдаг аюултай. Хүчтэй өвдөхгүй ч гэлээ зүрх савлах, амьсгаадах, амьсгал боогдох, өндөр халуурах зэргийн зовиурууд илэрнэ. Иймэрхүү зовиур илэрч буй хүүхдэд 2-3 долоо хоногийн өмнө хоолой нь өвдөж байсан эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй.

Төрөлхийн зүрхний өвчин, гажиг нь олон зуун төрлөөрөө байдаг. Эдгээрийн 90 гаруй хувь нь зүрхний мэс ажилбарын үр дүнд засагдах, эмчлэгдэх, эдгэрэх магадлалтай. Харин төрөлхийн зүрхний гажиг нь маш нарийн ажиллагаа шаардсан, асаргаа сувилгаа их шаарддаг онцлогтой. Хүүхдийн зүрхний эмгэгийг амжилттай анагаахын тулд хүүхдийн зүрх судасны эмч, мэс заслын эмч, мэдээалдуулагч эмч нараас бүрдэх баг гар нийлэн ажиллах нь юу юунаас чухал юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

70 − = 63

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>