Main menu

Жирэмсний 40 долоо хоног:

Төрөлт

17th 2 сар 2013

төрөлт Төрөлт 3 үе шаттай явагддаг.

1- Эхний үе буюу төрөхийн өмнөх үе нь төрөхийн өвдөлт бөгөөд савны амсар бүрэн нээгдэж хүүхэд төрөх хүртэлх үе.

2- Хоёр дахь үе шат нь төрөлтийн явцыг хэлнэ. Энэ үед хүүхэд төрнө.

3- Харин 3 дахь үе шат нь эхэс гадагшлах үе.

Энэ 3 үе шат нь анхны төрөгч эхчүүдийн хувьд ойролцоогоор 14 цаг үргэлжилдэг. Харин урьд өмнө нь төрж байсан эхчүүдийн хувьд ойролцоогоор 8 цаг үргэлжилдэг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн өвдөлт нь хөнгөн, базалт нь бага байдаг учраас 2 ба 3 дахь үе шат хүртэл төрөлт явагдаж эхэлснийг төдийлөн мэдрэхгүй.

1-ТӨРӨЛТИЙН ӨМНӨХ ҮЕ БУЮУ ТӨРӨЛТИЙН ӨВДӨЛТ

Савны амсар 3 см нээгдэнэ. Энэ үед өвдөлт 30-45 секундээр зөөлхөн, дунд зэргийн үргэлжилнэ. Цаашид өвдөлт хоорондын зай богиносож өвдөлт хооронд 3-4 минут болж, өвдөлтийн хүч нэмэгдэнэ. Нуруугаар өвдөх, шөрмөс татах, гэдэс гүйлгэх, гэдсэнд халуун мэдрэгдэж болно. Энэ үед танд зөвлөхөд:

• Хэрвээ шөнө дунд өвдөж эхэлбэл, аль болох өвдөлт хооронд унтаж амрахыг хичээ. Учир нь өвдөлтийн хүч нэмэгдэх тусам тэнхээгүй болдог учир хүч сэлбэхийн тулд унтвал маш сайн.

• Өдрийн цагаар өвдвөл өвдөлт хооронд гэрийнхээ ажлаа амжуулж, хэвийн хийдэг зүйлсээ хийж болно.

• Өөрийгөө тайвшруул. Ус гарч эхлээгүй бол бүлээн шүршүүүрт ороод ав. Нуруугаар өвдвөл нуруундаа бүлээн жин тавиад үз. Өвчин намдаах эм ууж болохгүй, дээшээ харж хэвтэж болохгүй.

• Өлсгөлөн байгаа бол бага боловч заавал юм идэх хэрэгтэй.

• Давсгаа үе үе суллаж, ойрхон шээж байх нь төрөлтийн үе шатыг түргэсгэх үүднээс танд тустай.

• Нөхрийнхөө хамт цаг харан, өвдөлтийн хугацаа, өвдөлт хоорондын зайг сайн ажигла.

• Нөхөр тань аль болох өөрөө тайван байж, таныг тайвшруулж байх ёстой.

• Үүнээс илүү их өвдөнө гэж бодож өөрийгөө бүү зовоо.

• Аль болох бага багаар ойрхон ойрхон шингэн зүйл ууж биеийнхээ шингэнийг нөх.

• Боломжтой бол алхаж, ойр ойрхон байршлаа соль.

• Савны амсар бүрэн нээгдэхэд та зөв дүлэх ёстой.

• Одоо бүр их өвдөнө, яаж төрнө гэж бодохын оронд тэр их өвдөлтийг даваад гарсан одоо багахан хэсэг нь үлдсэн гэж бод.

• Төрөх дөхөх тусам дүлмээр санагдах авч, эмчийн зааваргүй хамаагүй эрт дүлж болохгүй. Учир нь савны амсар бүрэн нээгдэж амжаагүй байхад дүлбэл савны амсар хавдаж, төрөх явц удааширна.

2- ТӨРӨЛТИЙН ЯВЦ

Хамгийн чухал үе шат бол төрөлтийн үе шат юм. Хэдийгээр хэцүүхэн даваа боловч төрсний дараа хөөрхөн алаг үрээ хараад эхчүүдэд ямар ч зовиур үлдэхгүй нь мэдээж. Хүүхэд энэ үед толгойгоороо савны амсарт тулж ирсэн байдаг. Энэ үеэс эхлээд мэдрэх өвдөлт бүр таны хүүхдийг энэ хорвоод мэндлэхэд дөхүүлэх болно.

Хүүхэд доошилсоор толгой нь харагдах үед эмч дүлэлтийг зогсооно. Учир нь хүүхдийн толгой хүчтэй дүлэлтээр гэнэт гадагшлавал хярзан урагдах аюултай байдаг. Өөрөө урагдсан хярзан хаа хамаагүй муухай урагдаж, отход маш хүндрэлтэй болдог.

Хэрвээ хүүхдийн толгой том, эх өөрөө толгойг гаргаж чадахааргүй нөхцөлд эмч нар хярзанг хайчилдаг. Энэ нь өөрөө урагдсанаас хамаагүй үр дүнтэй. Хүүхдийн толгой гарах үед жаахан өвдөх боловч толгой гарсны дараа мэдээ алдаж өвдөхөө болино. Эмч хүүхдийн хүй хүзүүгээрээ ороосон эсэхийг шалгаж үзээд хүүхдийн хамар амыг цэвэрлэж, амьсгалуулна. Үүний дараа мөр хэсэг нь гарч цаашаа хүүхэд өөрөө гулгаж маш амархан гарах болно.

Дөнгөж төрсөн хүүхэд хөх өнгөтэй байдаг болохоор та түүнийг хараад сандрах хэрэггүй. Эмч хүүхдийн тань хүйг таслан хавчсаны дараа та хүүхдээ энгэртээ тэврэн ангир уургаа хөхүүлж болно.

3-ЭХЭС ГАДАГШЛАХ ҮЕ

Та маш том давааг давж чадлаа. Одоо хүүхдээ тэвхэн эрхлүүлэнгээ хэсэг хэвтэх л үлдлээ. Энэ эцсийн үе шат нь 5-30 минут үргэлжилнэ. Таны сав агшиж, хүүхдийг хэвлийд байхад нь хоол тэжээлийг нь дамжуулж байсан эхэсийг гадагшлуулах хүртэл сав тань базалсаар байх болно. Үүнийг та бараг л мэдрэхгүй. Эхэс гадагшилсны дараа хэрвээ ямар нэгэн урагдалт явагдсан бол эмч түүнийг оёно. Төрсөн эх маань тайьширч, нэлээд бие нь сульдаж ядарсан байна. Гэхдээ та энэ бүхний ард гарсандаа өөрөө тун ихээр бахархах болно. Танд болон таны хөөрхөн алаг үрд аз жаргалыг хүсье.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

53 − = 46

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>